Бид Амьдралд Амьдрангаа Бэлтгэгддэг | Chemistry of Life

Блогтой болчихсон чинь өдөр бүр бичмээр санагдаад байна шөө. Гэхдээ би энэ бичвэрийг олон сарын өмнө "Barbie: Princess Charm School" киног үзэж байгаад бичсэн юм байна.

Кино гэснээс би хүүхэлдэйн кино үзэх маш дуртай. Сэтгэлийг минь тайвшруулж, догдлуулахын зэрэгцээ маш их зүйлс сургадаг болохоор би ихэнхдээ хүүхэлдэйн бүрэн хэмжээний болон цуврал кинонуудыг үздэг кк.

Надтай адил хүмүүс байвал коммент бичээрэй. Удахгүй "Encanto", "Turning Red", "Soul" зэрэг кинонуудаас сурсан жижигхэн зүйлсээ энэ бичвэр шиг оруулна аа.

Миний үед (их хөгширсөн юм шиг санагдаж байна) Barbie-ийн бүрэн хэмжээний бүтээлүүд gem л байв. Дуу, дүрслэл, зохиол, хувцас дизайн гээд л. "Barbie: Princess Charm School"-ийг үзээгүй бол тус киноны дараагийн хэсгийг заавал нэг үзээрэй.


Энэ хэсгээс би маш чухал нэгэн зүйл ойлгосон нь бид амьдралд бэлтгэгддэг. Бид үргэлж өөрсдийгөө бэлдэж байх ёстой. 

Хэдийгээр бага залуу насанд "том" үүнийг хий гэж биднээс шаарддаг ч яагаад тэдгээрийг хийх ёстой цаад учир шалтгааныг нь хэлдэггүй маш чухал зүйлс байдаг.

Хичээлээ хийх нь тухайн хичээлээрээ амьдралаа залгуулахдаа гол нь биш энэ нь ямар нэгэн зүйлийн төлөө хичээж, өөрийгөө зориулж, сахилга баттай байхыг заадаг.

Бүжиг, дуу, хөгжим, мэтгэлцээний дугуйланд явснаар бид бие, хэл, сэтгэлээрээ өөртөө итгэлтэй байж, өөрсдийгөө илэрхийлэхийг сурдаг.

Төрөл бүрийн дурын ажил хийснээр бид ямар төрлийн зүйлд дургүй эсвэл дуртай болохоо мэдэж авдаг. Тэр ч бүү хэл юуг илүү судалмаар байгаагаа олж хардаг.

Бага залуу насандаа ямар нэгэн спортод гарамгай болж, боломж л байвал олон хэл сурч, төрөл төрлийн мэдлэгт өөрийн үзэл бодолтой болохын тулд ном уншиж, судалгаа хийх хэрэгтэй. Намайг ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхгүй ч би ямар ч нөхцөл байдалд өөрийгөө бэлдэх ёстой.

Гэхдээ хамгийн гол нь өдөр бүр ТУУШТАЙГААР.

Бичвэрээ ийн өндөрлөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээгээрэй, холбоотой байцгаая.

Comments