Хүрээллээ Шинжицгээе! | Chemistry of Life

Сошиал медиад миний дагах дуртай хаягуудын нэг нь ЦойлогсоZ байдаг. Энэ хаягийн “Та эдгээр 8 сандалд хэнийг суулгах вэ? Хүрээллээ шинжих 8 асуулт” постийг уншаад, асуултуудыг гүнзгийрүүлж, үр дүн болгон дээр нь анализ хийн, хувь хүний хөгжилд нийцүүлэн та бүхэнтэй хуваалцаж байна.

Хүрээлэл гэдэгт зөвхөн найз нөхдийг хэлэхгүй ба та өөрийн цаг хугацаа, энергиэ зарцуулж байдаг хүн болон хүмүүсийг хамааруулах юм. Ингээд хамтдаа дараах асуултуудад хариулцгаая. Хариулж дуусаад одоо яах билээ гэж эргэлзвэл постоо дуустал нь уншаарай.


  1. Аз жаргал бэлэглэгч буюу Та инээх үедээ ихэнхдээ хэнтэй хамт байдаг вэ?

  2. Соригч буюу Та суралцах үедээ хэнтэй хамт байдаг вэ?, Хэн таныг бодолд оруулахуйц асуултуудыг асуудаг вэ?

  3. Эрч хүчээр цэнэглэгч буюу Та өөрийгөө амьд гэдгээ мэдэрч, эрч хүчээр дүүрэх үедээ хэнтэй хамт байдаг вэ

  4. Гэрэлтүүлэгч буюу Танд маш хэцүү байхад хэн тусалж, дэмждэг вэ?, Хэнд хэцүү бүхнээ ярьж болох юм шиг мэдрэгддэг вэ? (Хүнд үед таныг шалтгаангүйгээр хайрладаг хүнээ энд суулгаарай)

  5. Амжилтад хөтлөгч буюу Та гаргасан амжилтаа хамгийн түрүүнд хэнд хэлэх вэ? (Таны баярыг хуваалцаж, хамтдаа баярлаж чаддаг, амжилтыг танд хүсдэг хүнийг энд суулгаарай)

  6. Гайхалтай найз буюу “Гайхалтай найз” гэж хэлэхэд хамгийн түрүүнд хэн бодогдож байна вэ?

  7. Ирээдүйд хамтдаа буюу Таны мөрөөдөл, зорилгыг хэн асууж бас сануулдаг вэ? (Мөрөөдөл, зорилгыг тань санадаг хүнийг энд суулгаарай)

  8. Уурхайчин буюу Таны авьяас чадвар, давуу талыг хэн асууж илрүүлдэг вэ? (Өөрийгөө олоход тань тусалдаг хүнийг энд суулгаарай.)


- Ингээд хариулаад үзэхэд зарим сандал хоосон эсвэл зарим сандлуудад олон хүн байж болох юм. Сандал хоосон байсан ч намайг ингэж дэмжих хүн байхгүй гээд бүү гутраарай. 

Харин тухайн сандлын оронд өөрийгөө тавиад, өөрөө өөрийнхөө хамгийн дотны, хамгийн сайн итгэж болох хүн нь байгаарай. Хэн нэгэн хүн ирээдүйд заавал сууна гэдэгт итгэлтэй байна.

- Харин олон хүн нэг сандал дээр давхцаад, зарим хүнд ямар ч сандал оноогдохгүй байвал та өөрийн анхаарал, энерги, цагаа зөв хүмүүсээсээ авч мөн зарцуулж байгаа эсэхээ бодоод үзээрэй. Таныг сорьдоггүй, дэмждэггүй, догдлуулдаггүй хүмүүстэй хүчээр байснаас тэднээс зайгаа барин, танд хүчирхэгжүүлдэг хүмүүстэйгээ илүү цаг зарцуулаарай.

- Бид бүх хүнтэй нийцэх, харьцах боломжгүй бөгөөд тантай энергийн хувьд нийцэж, бие биенээ цэнэглэж байдаг хүмүүстээ илүү цаг өнгөрүүлэх нь бидний амьдралд чухал. Энэ дасгалыг хийгээд хоёрыг бодож, нэгийг тунгаасан хэмээн найдаж байна. 

Тус дасгалыг хийгээд мэдэрсэн мэдрэмж, хариултуудаа коммент хэсэгт хуваалцаарай.

Бичвэрээ ийн өндөрлөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээгээрэй, холбоотой байцгаая.



Comments